Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ жил нийслэлээс 4500 гаруй өрх хөдөө орон нутгийг зорьжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын таатай нөхцөл байдал ивээснээр мал сүргийн тоо өссөн төдийгүй өнгөрсөн онд үүдээ нээсэн Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа жигдэрснээр малчин өрхийн орлого нэмэгдэхэд хүргэсэн гэнэ. Мөн төр засгаас бэлчээрийн усан хангамж, ургамал хамгааллын зөв бодлого явуулсан нь мал маллах сонирхолтой иргэн, өрхийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд үзэж байна. 2013 онд манай улс 45.1 сая малтай, малчин өрхөд ногдох малын тоо 271 байжээ. Үүнээс гадна малчин өрхийн тоо мөн онд 800-гаар буурч байжээ. Харин 2014 онд нийт малын тоо 51.9 сая-д хүрч, малчин өрхөд ногдох малын тоо 305 болж өссөн төдийгүй, малчин өрх 4500-гаар нэмэгдээд байна.