Ирэх сард Герман улсын Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцоно. Өмнө нь хангалттай хөрөнгө зарцуулдаггүй, анхаардаггүй байсан гэгдэх манай улсын аялал жуулчлалын салбарын орлого сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарсан ч улсаа дэлхийд таниулан, жуулчдад сурталчилснаар жуулчдын тоо ирэх 2-3 жилд нэг саяд хүрнэ гэсэн зорилт тавьж байгаа юм.Оролцогчдын тоогоороо аялал жуулчлалын салбартаа дэлхийн хамгийн томд тооцогддог уг арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа гэнэ.
“ITB Berlin 2015”-ын үеэр Монгол Улс 3600 VIP зочдод зориулсангала концерт болон Монгол улсын соёл ёс заншлыг харуулсан хүлээн авалт зохион байгуулах юм. Мөн аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг есөн удаагийн илтгэл, “Монголыг хэн сайн мэдэх вэ” радиогийн шагналт тааврын уралдаан зэрэг 41 ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.