УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар С.Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Үндэсний статистикийн хороо болоод аймаг, нийслэл дэх газар, хэлтсүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн хэлсэн. Ингээд тус байнгын хорооны гишүүдийн олонх С.Мэндсайханыг Үндэсний статистикийн хорооны даргаар улируулан томилохыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.