УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн бол санал хураалт явуулж болно гэж заасны дагуу гүйцээн боловсруулсан зүйл заалтуудаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлээс гадна худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай заалтыг дэмжсэн. Гэхдээ хуулийн төсөлд дээрх 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь тогтоож болно гэж заасан бөгөөд үүнд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй гэдгийг тодруулан оруулсныг мөн дэмжсэн юм. Мөн энэ үеэр байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн долоон саналаар дахин санал хураалт явуулан нэгдсэн хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр тогтсон юм.