УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан билээ. Стратегийн ач холбогдол бүхий уг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5-д заасны дагуу тухай ордыг ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байна. Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордуудаас харахад, улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудад төрийн зүгээс хувь эзэмшиж оролцох, улмаар тухайн компанийн менежментэд оролцоо багатайгаар төлөөллөө хэрэгжүүлэх, ногдол ашиг хүртэх нь санхүүгийн талаас өндөр өртөг, эрсдэлтэй, хяналт тавьж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдлууд ажиглагдаж буй аж.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос төрийн хүртэх үр өгөөжийг аль болох тодорхой бөгөөд урт хугацаанд тогтвортой байлгах, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх үүднээс төрийн эзэмшлийн хувь эзэмшил, түүнд хүртэх үр өгөөжийг орлуулах хувилбарыг судлах шаардлага үүссэн хэмээн танилцуулгад онцолсон. Тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоох нь өнөөгийн энэ нөхцөлд төсөвт орлого төвлөрүүлэх хамгийн боломжит хувилбар гэж Засгийн газар тооцсон байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах сонголтын хийх эрх нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын ТЭЗҮ, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох аж. Иймд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашигтай дүйцэх үр өгөөжийг хөрөнгө оруулагч талтай тохиролцсон тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах асуудлыг зохицуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.