УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байв. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
Засгийн газар төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэхдээ улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хувийн хэвшлийн үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн оролцоог багасгах эдийн засгийн бүтцийг бий болгоход голлон анхаарах аж. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан хуулийн этгээдийг хувьчлахдаа эдийн засагт эзлэх байр суурь, үйл ажиллагааны онцлогт тохируулан уламжлалт арга хэлбэрийг хэрэглэхээс гадна хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах, хувьцааны төлбөрийн тодорхой хэсэгт арилжааны банкнаас гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ашиглах зэрэг аргыг хэрэглэхээр боловсруулсан байна. Эрчим хүч, шуудан холбооны салбарт гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж байгаатай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргаж, тэдгээрийг нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлож баримталсан бөгөөд зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийхийг зорилго болгож үндсэн чиглэлийг боловсруулсан аж. Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагуудын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг боловсронгуй болгож төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим бололцоот соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгохоор тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан монголын төр өөрийн хөрөнгөдөө үнэлгээ хийсэн үү хэмээн лавлаж байлаа. Тэрбээр, төрийн өмчит 88 аж ахуйн нэгж байгаа гэсэн. Хэд нь алдагдалтай ажиллаж байгаа вэ. Хэдий хэмжээний өр зээлтэй вэ гэж асуусан. Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн хариулснаар, төрийн өмчийн үнэлгээ 13.6 триллион төгрөг хэмээн тооцогдсон бөгөөд хамгийн сүүлийн байдлаар энэхүү тоо 3 триллион төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Төрийн өмчит нийт 88 аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулахгүй байгааг нь хасаад 63 аж ахуйн нэгжээр статистикийг гаргаж ирсэн хэмээн ТӨХ-ны дарга хэлсэн. Эдгээр 63 аж ахуйн нэгжийн 32 нь алдагдалтай ажилладаг бөгөөд 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нийт аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн дүнгээр үзвэл өнгөрсөн онд 208 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 32 тэрбум төгрөгийн алдагдлыг хасвал 176 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тооцоо байдаг ажээ. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тхуай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Түүнчлэн “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.