Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа амралтын өдрүүдэд нийслэлийн авто замын ачаалал ердийнхөөс 2-3 дахин өсдөг тооцоо байдаг. Тиймээс эдгээр өдрүүдэд авто замын ачааллыг бууруулж, иргэдийг цагийг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний түр зохицуулалтын арга хэмжээг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Сар шинийн баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна.
Тус захирамжийн биелэлтэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны бямба, мөн сарын 1, 8-ны ням гарагт хяналт тавьж ажиллалаа. Хяналтын явцад нийслэлийн иргэд нийслэлийн Засаг даргын захирамж, автозамын түр зохицуулалтын арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлж байгаа нь амралтын өдрүүд дэх замын хөдөлгөөний нөхцөл байдлаас харагдаж байсан гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас онцолж байна. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын “Фэйсбүүк” хуудсанд тухайн өдрүүдэд иргэдээс 1500 гаруй хандалт ирсэн бөгөөд 90 гаруй хувь нь замын хөдөлгөөний ачаалал бага, түгжрэхгүйгээр ажлаа амжууллаа гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түр зохицуулалт энэ сарын 14, 15-нд мөрдөгдөж дуусна.