Ирэх дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт цахим систем нэвтрүүлж, зорчигчдод картаар үйлчилдэг болно. Зорчигчид автобусаар 10-60 хоног зорчих мөнгөө цахим картандаа хийж болох нь. Тэгэхээр нэг хүн 10.000-120.000 төгрөг картандаа хадгалах боломжтой гэсэн үг. Гэхдээ дөрөвдүгээр сараас хүн бүрийг карт ав гэж шахахгүй. Бэлэн мөнгөө төлөөд зорчих эрхийг нь хэвээр үлдээх аж. Ингэхдээ жолоочийн хажуу талд байрлуулсан хайрцганд 500 төгрөгөө ухамсраараа хийх үүрэгтэй. Зорчигч мөнгөө төлж байгаа эсэхийг кондуктор хянах юм. Үүний эцэст зорчигч бүр карт авч хэвшинэ, бэлэн мөнгөөр зорчдог хүн байхгүй болно, тасалбар тасалсангүй, кондуктор мөнгө халаасалдаг гэсэн маргаан арилна гэж нийслэлийн Тээврийн газраас тооцжээ. Карт хэрэглэснээр тасалбар хэвлүүлэх шаардлагагүй болж, үргүй зардал багасан, хүчингүй тасалбар хог болон хөглөрдөг байдал арилах давуу талтай. Үүний зэрэгцээ нийтийн тээврийн сүлжээ, маршрутыг өөрчилнө. Ингэвэл нэг чиглэлд олон автобус явж зорчигчоо булаацалддаг, замын түгжрэл үүсгэдэг асуудал арилах юм байна.