Нэг сар хүрэхгүй хугацааны дараа Герман улсын Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын ITB Berlin 2015 үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцох гэж байгаа билээ. Өмнө нь хангалттай хөрөнгө зарцуулдаггүй, анхаардаггүй байсан гэгдэх манай улсын аялал жуулчлалын салбарын орлого сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарсан ч улсаа дэлхийд таниулан, жуулчдад сурталчилснаар жуулчдын тоо ирэх 2-3 жилд нэг саяд хүрнэ гэсэн зорилт тавьж байгаа аж.
Хамрах хүрээ, оролцогчдын тоогоороо аялал жуулчлалын салбартаа дэлхийн хамгийн томд тооцогддог уг арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байна.
“ITB Berlin 2015”-ын үеэр Монгол Улс үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа, олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон Монгол улсын соёл ёс заншлыг харуулсан хүлээн авалт, нийт гурван удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах юм. Мөн аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг есөн удаагийн илтгэл, “Монголыг хэн сайн мэдэх вэ?” радиогийн шагналт тааврын уралдаан болон бусад хэд хэдэн хүлээн авалт, уулзалт, соёлын арга хэмжээнүүд зэрэг нийт 41 ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Германы “AMARA Film production” компаниар Монгол улсыг сурталчилсан хэд хэдэн баримтат кино, видео шторкуудыг бэлдүүлж байгаагаас гадна Монгол Улсын тухай гурван хэл дээрх хэвлэмэл материалууд,танилцуулгыг бэлэн болгоод байгаа юм.