Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой “Эко парк” байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Нийслэл хотод эн тэргүүнд шаардлагатай байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадах “Эко парк” байгуулахад уг санамж бичгийн зорилт оршиж байна.
Цогц шийдэл бүхий “Эко парк” байгуулснаар хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүд түүхий эдээр хангагдаж хэрэглэгчдэд хүрэх эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм. Ингэснээр хог хаягдлаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн хоорондын уялдаа холбоо нь сайжирж тасралтгүй эргэлтэнд орж байгаль орчныг бохирдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ. Энэхүү цогц ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарангийн Энгэрийн хогийн цэг гэсэн хоёр байршилд “Эко парк”-ийг байгуулахаар төлөвлөөд байна.