ШӨХТГ-аас МУИС-ийн шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авч буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар МУИС-ийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаал гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчлийг арилгахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Үүнийг нь МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. МУИС-ийн нэхэмжлэлтэй хэргийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шилжин суралцах хүсэлт гаргасан нэг оюутнаас 3 сая төгрөг хүртэлх төгрөг авч байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Харин ШӨХТГ анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дагуу уг хэргийг энэ оны 1 дүгээр сарын 29-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн бөгөөд МУИС-ийн захирлын тушаалаар баталсан оюутан шилжүүлэн суралцуулах журмын төлбөртэй холбоотой хэсэг, шилжилтийн төлбөр тогтоох захирлын тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хууль тогтоомжид нийцсэн гэж хэвээр үлдээлээ. Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347,182,000 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэд хамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой гэжээ. Ийнхүү МУИС-д шилжин суралцахад нэмэлт төлбөр төлөхгүй боллоо.