Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Саруул” хорооллын В4 блокд барилгын осол гарч хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тушаал баталжээ. Тэрбээр Ерөнхий сайдын Япон улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа юм байна. Тус яамны Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрын дарга Ц.Ганбат тэргүүтэй Ажлын хэсгийн мэргэжилтнүүд өдгөө осол гарсан газарт ажиллаж, санал дүгнэлт гаргаж байгаа юм байна. БХБЯ-ны шинэ бүтцээр Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газар анх удаа байгуулсан. Ингэснээр осол, эрсдэлд яамны зүгээс дүн шинжилгээ, судалгаа хийж, цаашид бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэх, ялангуяа аюулгүй ажиллагааг хангахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байр суурь баримтлан ажиллаж боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс бодлогын хүрээнд аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжиж болох, тэдэнд юу хэрэгтэй байгааг олж харж шийдэхэд гол анхаарлаа хандуулж, цаашид өнгөрсөн хойно нь бус ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааг хангасан, асуудал үүсэхээс өмнө шийддэг тогтолцоо бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж буй гэнэ.