Хүнс, хөдөө аж ахуйн сайдын Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдааныг маргааш зохион байгуулах болжээ. Уг хуралдаанаар салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх бөгөөд салбарын хөгжлийн ойрын болон хэтийн зорилго, зорилтыг эрдэмтэн, судлаачдын тооцоо, судалгаанд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх замыг нээх гэнэ. Салбарын эрдэмтэн судлаачдын оюуны нөөцийг Монгол орны газар тариалан, мал аж ахуйн хөгжлийг мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх хөшүүрэг болгон ашиглах механизм бий болгох зэргийг хэлэлцэх юм байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан цөөн орноос хамааралтай байдлыг арилгахад анхаарч өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх” зорилтын хүрээнд тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны ажлыг дэмжих зорилгоор Сайдын нэрэмжит грант шагнал олгох болсон. Уг сонгон шалгаруулалтад шалгарсан ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн багийн “Тарнын овгийн зарим ургамлын зохицуулах үйлчлэлийн судалгаа”, Мал Эмнэлэгийн Хүрээлэнгийн “Бабедазол эм үйлдвэрлэх” бүтээлүүдэд зөвлөлгөөний үеэр батламж гардуулах гэнэ. Грантын шагналыг багууд судалгааны ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зарцуулах юм. Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанд БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сан, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи болон салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудын төлөөлөл оролцох аж.