Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин уламжлал ёсоор амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан “Оны алдартан”-уудаа тодруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа. Алдартнуудад шагнал гардуулах ёслол модон морин жилийн морь өдрийн морь цагт “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд эхэлсэн. Эмч, багш, малчин, тариачин, зохиолч, эрдэмтэн, эдийн засагч, пүүс компанийн захирал, эгэл жирийн ажилчин, сурагч, оюутан, урлаг соёлын алдартан, төрийн түшээд гээд нийгмийн янз бүрийн давхаргаас, салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 100 эрхмийн саналаар “Оны алдартан”-ыг шалгаруулдаг билээ. Өнөө жилийн шалгаруулалтад оролцсон 100 эрхэм нийтдээ 97 хүнийг алдартанд нэр дэвшүүлснээс хамгийн өндөр оноо авсан 10-ыг нь шигшин эрэмбэлдэг энэ уламжлалыг хамгийн шударга, басхүү үнэ хүндтэй шалгуур хэмээн үнэлдгээ УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд арга хэмжээний үеэр онцлон хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр” сониноос зохион байгуулдаг “Оны алдартан” шалгаруулалтад 13 жил тасралтгүй шөвгөрч буй, бөхөөр бол дархан аваргын дайтай нэгэн. Харин өөрөө үүнийгээ тайлбарлахдаа “Улс төрийн замналаар явахдаа миний хийж бүтээсэн бүхнийг түмэн олон ойлголж, дэмжиж, үнэлдгийн жишээ энэ шалгаруулалт гэж ойлгодог. Бас хувь хүний мөс чанар минь намайг удаа дараа “Оны алдартан”-аар шалгарахад нөлөөлсөн болов уу” хэмээсэн.
14 дэх жилдээ тодруулж буй “ялгуусан” хэмээх модон морин жилийн “Оны тэргүүн алдартан”-аар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал шалгарлаа. 1000-аад жилийн түүхтэй сүмогийн түүхэн дээд амжилтыг эвдэж, 33 дахь түрүүгээ авсан тэрбээр хараахан эх орондоо ирж амжаагүй байгаа учраас түүний төрсөн ах М.Батхуяг дүүгийнхээ шагналыг гардан авсан юм. Тэргүүн алдартны араас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, гурван сая дахь иргэн Х.Монголжин, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн М.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, академич Х.Намсрай, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, УИХ-ын дарга З.Энхболд гэсэн есөн эрхэм эрэмбэлэгдэн жагсчээ. Оны алдартнуудын зарим нь гадаадад албан ажлаар яваа бол нэг хэсэг нь хойшлуулгүй чухал ажил, бэлтгэл сургуулилалтын улмаас шагналаа өөрсдийн биеэр шагналаа ирж авч чадалгүй, бие төлөөлөгчдөө явуулсан байв. Харин мэндлээд сар ч болоогүй байгаа бяцхан охин Х.Монголжингийн хувьд хүндэтгэх томоо шалтгаан бий. Тиймээс түүний шагналыг нагац эгч Г.Амарзаяа нь гардаж авлаа.
“Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Г.Өлзийсайхан “Өмнөх жилүүдтэй харьцуулбал, энэ оны шалгаруулалтад спортын салбарынхан маань бүлж нэмж, монголчууд олуулаа болохын ерөөл бэлгэдлийн биелэл, гол баатар болсон гурван сая дахь иргэн алдартны эгнээнд орж ирснээрээ онцлогтой. Түүнчлэн “Оны алдартан”-уудын араас жагссан 10 эрхмийн дунд найман дүүгээ галын аюулаас аварсан есөн настай охин, Холливудын кинонд дүр бүтээсэн монгол жүжигчин, өсвөрийн шатрын дэлхийн аварга, монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө хавдрын эмнэлэг байгуулж өгсөн Ажиа гэгээн, Сэлбэ голын эрэг хавийн хогийг өөрийн санаачилгаараа гурван жилийн турш цэвэрлэж буй 13 настай хүү тэргүүтэй онцгой содон хүмүүс шинээр тодорч гарлаа. Алдартнуудын цаана амжилт бий. Амжилттай байсан учраас тэд хамгийн олон санал авсан. Нийгэмд, тодорхой салбарт ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, олон нийтэд үлгэр дуурайл үзүүлж яваа алдартнуудаараа бахархаж байна. Тэд илүү их амжилт гаргаж сайн үйлс бүтээн, Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн өнөө жилийн арга хэмжээний онцлогийг тодорхойллоо.