Улаанбаатар хотын 1.2 сая гаруй иргэний 70 шахам хувь нь өглөө 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог учраас нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг эрс нэмэгдүүлж, түгжрэл үүсгэдэг гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан. Тиймээс ажил, сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг цөөнгүй иргэд Засгийн газрын 11-11 төв тэргүүтэй холбогдох газарт ирүүлж байжээ. Тиймээс Улаанбаатарынхны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг нийслэлээс Засгийн газарт уламжилж, тогтоол гаргуулснаар ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг хотын мээрт шилжүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гарч, судалгаа тооцоо хийн, Засгийн газрын хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр Э.Бат-Үүл дарга А/105 дугаар захирамж гаргажээ.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээлийг 07.40, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийнхийг 08.00 цагт эхлүүлэхээр уг захирамжид тусгасан байна. Түүнчлэн төрийн байгууллага, яам, агентлагууд, тэдгээрийн харьяа болон нийслэлийн төр захиргааны газруудын ажил эхлэх цагийг 08.30 болгон өөрчилжээ. Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу найман цаг ажиллаж, 17.30 цагт тарах бол цэцэрлэгүүдийг 18.00 хүртэл хойшлуулсан аж. Тиймээс цэцэрлэгийн багш нарын ажиллах илүү цагийг өдрийн амралтын цагт шилжүүлж, нэмэгдэл цалин олгохоор нийслэлийн Боловсролын газраас зохицуулалт хийх гэнэ. Энэхүү цагийн өөрчлөлтийг энэ сарын 16 буюу ирэх даваа гаригаас эхлэн мөрдөнө.