Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед ханган ажиллах юм байна.
“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-т хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Стандарчиллын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэглэлд тавих шаардлага” MNS6264:2011 стандарт баталсан. Зөвлөмжид үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг стандартад заасны дагуу хамгаалах хэрэгслээр хангахыг уяачдад сануулж, дээрх стандартыг хүргүүлжээ. Мөн хамгаалах хэрэгсэл, хувцасаар хангаагүй хүүхдийг морин уралдаанд оролцуулахгүй байх, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдлийг хариуцахыг тусгасан байна.
Түүнчлэн морь унаж байгаа хүүхэд түүний эцэг эх, уяачдын хороонд гэрээ байгуулах, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэнэ гэжээ. Тус заалтад 7-гоос дээш насны хүүхэд морь унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна хэмээн тусгасан аж.