“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрик зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Хүүхдийн зөвлөл” байгууллаа. Тус үйлдвэр 6000 гаруй ажилтантай бөгөөд энэ удаа ажилчдынхаа хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн үнэ цэнэд анхаарахаар ийнхүү зөвлөл байгуулжээ.
Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр зөвхөн хүүхдийн байгууллага анхаарлаа хандуулах бус томоохон үйлдвэрүүд ингэж нэгдэж байгаад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд баярлаж байгаагаа хэллээ. Энэ жил Монгол улсад Хүүхдийн байгууллага үүссэний 90 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд томоохон үйлдвэр, компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн зөвлөлтэй болвол монгол гэр бүлийн үнэ цэнэ улам нэмэгдэнэ хэмээсэн юм.
Баяжуулах фабрик нь арван хоногт 15 ажил зохион байгуулсан бөгөөд ажилчдынхаа хүүхдүүдийг тэмцээн уралдаанд татан оролцуулсан нь гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал төрүүлэхэд анхаарч байгаагийн нэг илрэл гэлээ. Мөн гэр хорооллын Цагаанчулуут, Баянбулаг багийн Соёлын төвд ном бэлэглэжээ.