УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоох нь өнөөгийн нөхцөлд төсөвт орлого төвлөрүүлэх хамгийн боломжит хувилбар гэж Засгийн газар тооцсон байна. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах, эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах сонголт хийх эрх нээлттэй байхаар төсөлд тусгажээ.
Төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын техник, эдийн засгийн үндэслэл, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох юм байна. Энэ үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашигтай дүйцэх үр өгөөжийг хөрөнгө оруулагч талтай тохиролцсон тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах харилцааг зохицуулах зорилгоор энэхүү төслийг боловсруулсан аж.
Хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн олонх нь тус төсөл Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг нөөц ашигласны төлбөрөөр солих зорилго агуулсан, татварын хувь хэмжээг Засгийн газар тусгайлан тогтоохоор тусгасан нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна, цаашлаад Үндсэн хууль зөрчсөн агуулгатай гэхчилэн дэмжихгүй буйгаа хэлж байлаа. Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Хууль эргэж үйлчилдэггүй учраас одоо гэрээний үндсэн дээр хэрэгжиж байгаа стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ энэ төслийн хүрээнд хөндөгдөхгүй. Оюутолгойн ордын хувьд төр 34 хувийг эзэмшихээр УИХ-аас шийдвэрлэснийг өөрчлөх зүйл байхгүй.
Тавантолгойн тухайд ч УИХ 39 дүгээр тогтоолоо гаргачихсан. Энэхүү төслөөр төр цаашдаа стратегийн ордтой холбоотой харилцаанд яаж оролцохыг тодорхой болгоно. Сонголт хийх боломж олгохыг гол зорилгоо болгож байна” гэж байлаа. Гэсэн ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Улс орны эрх шиг, эдийн засагтай холбоотой энэ төслийг Бүлгээрээ ярилцаж, нухацтай хэлэлцэх шаардлагатай” гээд ажлын тав хоногийн завсарлага авснаар тус хэлэлцүүлгийг хойшлууллаа. Дараа нь мөн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох төслийн хэлэлцүүлгээс тус Бүлэг завсарлага авсан юм.
ҮСХ-НЫ ДАРГА БОЛОН АТГЫН ДЭД ДАРГЫГ ТОМИЛОВ
Энэ өдөр Үндэсний статистикийн хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг улираан томиллоо. Мөн Ерөнхийлөгчийн саналыг үндэслэн Цээсүрэнгийн Нямдоржийг АТГ-ын дэд даргаар томилохыг дэмжлээ. Ц.Нямдорж нь 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009- 2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх, 2011 оноос АТГ-т Гүйцэтгэх ажлын хэлтсийн нэгдүгээр тасгийн дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Б.НОМИН