Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Лхамсүрэнг бусдаас бага бус хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх таван жил нэг сар хорих ял шийтгэлээ. Мөн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хахуульд авсан нэг сая гаруй төгрөгийг нь улсын орлогод оруулахаар болжээ.Тэрбээр тус сумын иргэн М, Б, П гэсэн гурван эмэгтэйг сургуулийнхаа үйлчилгээний ажилчнаар авна хэмээж 300.000-500.000, нийт нэг сая гаруй төгрөгийн хахууль авсан нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний байцаалтаар тогтоогдсон гэнэ. Сургуулийн захиралд хахууль өгсөн гурван хүнд нэг жил зургаан сараас хоёр жил хугацаагаар хорих ял оноож, жирэмсэн, нялх хүүхэдтэй байдлыг харгалзан М, Б нарын хорих ялыг хойшлуулж, П-ийг тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн байна.