Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нялхсын эндэгдэл 37.2 хувиар өсчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн сард 6668 эх амаржжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 221 буюу 3.4 хувиар, хүүхдийн тоо 234 буюу 3.6 хувиар өссөн байна. Харин нялхсын эндэгдэл өмнөх оны мөн үеэс 37.2 хувиар, 1-5 хүртэлх насны 141 хүүхэд эндэж 29.4 хувиар өсчээ.
Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.7 хувьтай гарлаа
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцсийн байдлаар 35.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2.5 мянган хүн буюу 7.6 хувиар, 12 дугаар сараас 1.2 мянган хүн буюу 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.Түүнчлэн ажиллах хүчний 604.2 мянга буюу 53.6 хувь нь эрэгтэй, 523.5 мянга буюу 46.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны эцсээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 87 мянгад хүрсний 49.1 мянга нь эрэгтэйчүүд, 37.9 мянга буюу 43.5 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.7 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн хорооноос тодотгож байна.
Өрхийн зарлага 86.1 мянган төгрөгөөр нэмэгджээ
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 972.2 мянган төгрөг болж, өмнөх оноос 78.7 мянган төгрөг буюу 8.8 хувиар нэмэгдсэнийг статистикчид хэлж байна.Харин өрхийн сарын дундаж зарлага 988.6 мянган төгрөг болж, өмнөх оноос 86.1 мянган төгрөгөөр нэмэгджээ.
20.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулав
Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрөгч сард 60.8 тэрбум төгрөг, зарлага 107.2 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс орлого 0.2 тэрбум төгрөгөөр буурч, зарлага 16.8 тэрбум төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн сангаас өнгөрсөн сард 116.7 мянган хүнд 8.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэмж авагчдын тоо 18.9 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 1.3 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар буурсан байна. Тэгвэл "Хүний хөгжил" сангаас өнгөрсөн сард 18 хүртэлх насны 996.0 мянган хүүхдэд 20.2 тэрбум төгрөгийг олгожээ.
ДНБ-ийн хэмжээ 21.8 их наяд төгрөгт хүрчээ
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ийн хэмжээ 21.8 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал 2010 оны зэрэгцүүлэх үнээр ДНБ 15.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос оны үнээр 14.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7.8 хувиар өссөн байна.
Хэрэглээний үнийн улсын индекс нэгдүгээр сарын байдлаар 12 дугаар сараас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өслөө. Инфляци ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Чанаргүй зээлийн хэмжээ 3.0 хувиар өссөн байна
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 732.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 77.3 тэрбум төгрөг буюу 9.5 хувь, өмнөх оноос 161.9 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурчээ. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 413.7 тэрбум төгрөг буюу 3.3 хувиа буурч, өмнөх оноос 1.1 их наяд төгрөг буюу 9.8 хувиар өсчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 317.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 48.2 тэрбум төгрөг буюу 17.9 хувь, өмнөх оноос 2.1 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 657.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 31.7 тэрбум төгрөг буюу 5.1 хувь, өмнөх оноос 13.0 хувиар өссөн байна. Мөн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ өнгөрсөн сард 353.6 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 366.4 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний Статистикийн хорооноос онцлов.