Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд өчигдөр нийтийн тээврийн автобуснуудад хяналтын камер байршуулж эхэллээ. Энэхүү камер нь тухайн автобуснаас гадагш урд талын замыг хянах юм байна. Ингэснээр хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдтэй хариуцлага тооцох, автобусны хөдөлгөөнд саад учруулдаг тээврийн хэрэгслүүдтэй арга хэмжээ авах, автобусны зогсоолыг чөлөөлөх ажээ. Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болд “Энэ арга хэмжээний хүрээнд нэгдүгээр эгнээгээр явсан болон автобусны зогсоол дээр зогссон тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийсэн.Нийт 915 тээврийн хэрэгслийг шалгасан. 193 зөрчил илрүүлэн гэрийн хаягаар торгуулыг нь хүргүүлээд байна” гэж ярилаа.
“Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээ нь энэ сарын 6-аас 16-ыг хүртэл 10 хоногийн хугацаанд үргэлжлэх аж. Автобусанд байршуулсан камеруудын хяналтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах юм байна.
М.Болорцэцэг