Удирдлагаар явдаг “Lion Robo” робот тэнд цугласан хүмүүсийн анхаарлыг хамгийн их татна. Тэрээр тусгайлан бэлтгэсэн замын цагаан шугамыг дагах, саад тойрох, зай мэдрэгчээр ямар нэг обьект дагахаас эхлээд “эзэн”-ийхээ өгсөн үүрэг даалгаврыг гайхалтай сайн биелүүлж байлаа. Лего тоглоомоос санаа авч бүтээсэн монгол хувилбар болох энэхүү машин хэлбэртэй робортыг ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалтын инженер Н.Даваасүрэн болон тус сургуулийн оюутнууд бүтээжээ.
Үүнийг өчигдөр болсон “Залуу зохион бүтээгч” лабораторийн нээлтийн үеэр олны хүртээл болгосон юм. Тус лаборатори нь Rasberry Pi (нэрийн хуудасны хэмжээтэй сургалт, судалгааны зорилгоор бүтээсэн бичил компьютер) болон бусад Open source hardware төхөөрөмжид суурилснаараа онцлог аж. Лабораторийн нээлтийн үеэр сургуулийн захирал Б.Сүхбат “Залуусын техник сэтгэлгээ, зохион бүтээх ур чадварыг дээшлүүлэх зорилготой анхны лабораторио нээлээ.
Энд 20 оюутан судалгаа хийх боломжтой, иж бүрэн техник хэрэгслээр тоноглогдсон. Манай сургуулийн оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчдад зориулж цагаан шугамаар явдаг робот бүтээсэн. Энэ нь тэдний сонирхлыг татаж, техник технологид дурлах эхлэлийг тавих болов уу гэж найдаж байна” гэв. Мөн тус сургуулийн Электроникийн сургуулийн багш Р.Бямбажав “1970 оны үеэс манай улс залуу зохион бүтээгчдээ дэмжиж, хөгжүүлсэн.
Түүнээс хойш зогсонги байдалд байсан залуу зохион бүтээгчдийг дэмжих ажил энэ лабораториос эхэллээ. Өөрсдөө хийж бүтээдэг болохын тулд инженерийн сэтгэлгээтэй, бүтээлч хүмүүсийг бий болгох хэрэгтэй. Оюутнууд маань өөрсдийн бүтээлээ компаниудад танилцуулж, шинэ ажлын байр бий болгож байна. Тухайлбал, манай сургуулийг төгссөн хоёр инженер эксковаторын хутгуур тоолдог систем бүтээсэн. Хэрвээ үүнийг гаднаас худалдаж авбал маш үнэтэй. Шинэ санаагаа бүтээл болгоход хэрэглэх тусгай тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлвөл залуу зохион бүтээгчдийг дэмжиж буй хамгийн том ажил болно” гэлээ.
Ч.БОЛОРТУЯА