Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний алба хими-биологийн анхан шатны лабораторитой болжээ. Энэ нь Зүүн бүсдээ анхдагч болж байгаа бөгөөд цусны бүх төрлийн, шээс, био-эдийн шинжилгээг лаборатортоо хийж хариуг түргэн шуурхай гаргаж өгөх боломжтой юм байна.
Ингэснээр төв рүү шинжилгээний дээжийг явуулж, хугацаа алдаж ирдэг, энэ нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж, хэрэг удаашран шалгахад хүргэдэг байсан сөрөг байдал арилах юм. Уг лабораторийн нээлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Ж.Оюунаа, биологийн ахлах шинжээч ахлах дэслэгч Б.Энхмандах нар оролцсон бөгөөд эдгээр шинжээч нарыг Аймгийн прокурорын газар урьж “Хэргийн газрын үзлэгээр шинжилгээний дээжийг хэрхэн зөв авах, хадгалах, зөөвөрлөх” сэдвээр сургалт, ярилцлагыг 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж мэргэжлийн шинжээч нар орон нутагт анх удаа ирж, шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудлаар заавар зөвлөмж өгч, лабораторт зарим шинжилгээг хэрхэн хийх талаар практик сургалт явуулсан байна.