Айл гэр, албан тасалгааны хамгийн бохир тавилга хэрэгсэл юу вэ гэж ойр хавийнхаа хүмүүсээс асуугаад үзээрэй. Жорлон, суултуур гэж бүгд дуу нэгтээ хэлэх вий. Бид ингэж андуурч явдаг юм байна. Лондоны их сургуулийн микробиологич эрдэмтэд албан тасалгааны ямар тавилга, тоног төхөөрөмж хамгийн бохир байдгийг 2008 онд судалжээ. Судалгааны дүн санаанд оромгүй. Бичгийн ширээ, хаалганы бариул, утас, факсын аппарат, компьютер, сантехникийн шугам сүлжээ зэрэг бүх тавилга хэрэгслийг цэвэрхэн цагаан цаасаар арчиж аваад шинжлэхэд компьютерийн гар хамгийн бохир, нянгийн диваажин байсан гэнэ. Компьютерийн гарны ганцхан товчлуураас таван төрлийн нян илрүүлсэн гээд бод доо. Тэрхүү нянгийн тоо хэмжээ нь жорлонгийн суултуурт байсан нянгаас ч олон байжээ.
Хүмүүс ажлын ширээгээ цэвэрхэн гэж бодоод барагтай бол савантай усаар арчиж цэвэрлэдэггүй. Цэвэрлэсэн ч чийгтэй даавуугаар арчсан болоод л өнгөрдөг. Харин ариун цэврийн өрөөг бол байнга угааж цэвэрлэдэг. Бас ажлынхаа ширээн дээр хооллож ундалдаг. Нэг гартаа бургер барьчихаад нөгөө гараараа компьютерийн товчлуур, хулгана дарж суудаг хүн олон. Энэ үед ширээ, компьютерийн товчлуур дээр унасан хоол хүнсний үлдэгдэл, тоос шороотой холилдон үржиж олширдог. Компьютерээс ялгарах хортой цахилгаан соронзон цацраг тэрхүү нянгуудыг хурдан үржихэд нь тусалдаг юм байна.
Ялангуяа эмэгтэйчүүдийн компьютерийн гар эрчүүдийнхээс бохир. Яагаад гэвэл хүүхнүүд ажил дээрээ будаг шунх, элдэв амттан их хэрэглэдэг тул хог унагах нь их. Үүнийг уншсан бол та яг одоо компьютерийн гараа доош нь харуулаад үзээрэй. Маш их хог унах вий. Гэрийнхээ бичгийн ширээ, компьютерийн гарыг ч шалгаад үзээрэй.