Аймгийн болон сумдын хүнсний дэлгүүрүүдэд жин болон хаяг шошгын зөрчил их гарч байгааг Дорноговь аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс мэдээллээ.
Ялангуяа тэмдэглэлт ой, баяр ёслолын үеэр худалдааны төвүүд, дэлгүүр, супермаркетуудаар үйлчлүүлэгчдийн тоо ихсэх үед жин хэмжүүрийн болон хаяг шошгын зөрчил илэрч худалдан авагчдыг хохироож байгааг албаныхан тогтоосон аж. Тус байгууллагаас худалдааны төвүүд, дэлгүүрүүдийн эздэд хандан хяналтын жингүүдээ улсын баталгааны гэрчилгээтэй лац, тэмдэг нь бүтэн, худалдан авагчдад ил харагдах газар байрлуулах, гэрчилгээ дээр тухайн жингийн тип марк,хэмжих хязгаар, дугаар, баталгаажуулалт хийсэн болон дуусах хугацааг тодорхой бичих зэрэг мэргэжлийн заавар, зөвлөмж өгсөн юм.
Харин хэрэглэгчид жин хэмжүүртэй холбоотой зарчлийн талаар тухайн байгууллагын удирдлагуудад хандах, мөн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн 70523891 дугаарын утсанд залгаж санал хүсэлтээ уламжилж болох гэнэ.