Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгаас мөнгө олборлож буй “Жи Пи Эф” ХХК Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны шаардлагаар ашигт малтмал тээвэрлэхээ түр зогсоожээ. Тус компанийн ашигт малтмал тээвэрлэдэг зам дээрх байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс дундуур өнгөрдөг аж. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул “Жи Пи Эф” компаниас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхийг шаардсан юм байна. Энэ асуудлыг Чулуут багийн иргэд Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцээд уг замаар ашигт малтмал тээвэрлүүлэхгүй байх шийдвэр гарган, өөр маршрут тогтоох ажлын хэсгийг багийн иргэдийн оролцоотой байгуулжээ.
Мөнгө ачсан хүнд даацын машинуудыг Их газрын чулуу дундуур, Ерлөг уулын дэргэдүүр өнгөрөхөд агаарт дэгдсэн тоос тэр хавийн ургамлыг гэмтээж, ургах нөхцөлгүй болгон, ан амьтадын нүүдлийн замыг хаах сөрөг нөлөөтэй. Тиймээс өөр замаар мөнгөө тээвэрлэх ёстой гэж Гурвансайхан сумын Чулуут багийн иргэд үзэж буй аж. Мөн Хулд сумын Түймэрт цагаанаас жонш олборлогчид Говьсүмбэр лүү жоншоо тээвэрлэхдээ Их газрын чулуугаар дайрдаг юм байна. Тэднийг ч маршрутаа өөрчлөхийг Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шаарджээ.