Гвиней, Либери болон Сьерра-Леон улс “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний /ЭВҮӨ/ халдвар авсан хүний тоог хоёр сарын дараа гэхэд тэг болгохоор төлөвлөж байна.
Энэ тухай Баруун Африкийн тус гурван улсын тэргүүн нар болох Альфа Конде, Эллен Жонсон- Серлиф, Эрнест Бэй Корома нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тэд Гвиней улсын нийслэл Конакри хотод ням гарагийн орой уулзсан байна.
“Дээрх зорилгодоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлэхийг” тус гурван улсын тэргүүн нар олон улсын хамтын нийгэмлэгээс хүсчээ.
Хэдийгээр ЭВҮӨ-тэй тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлт гаргаж байгаа ч 2014 оны гуравдугаар сард халдвар дэгдсэнээс хойш Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад нийтдээ 9200 гаруй хүн нас барж, 23 мянга орчим хүн халдвар авсан байна. Халдварын тархалт хэсэг хугацаанд саарсан боловч халдвар авсан тохиолдлын тоо энэ сард дахин өсөх хандлага эн түрүүнд Гвиней улсад ажиглагдсаныг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ онцлон анхааруулжээ.
“ЭВҮӨ-ий тархалт илт удааширсан хэдий ч уг халдварт өвчин Гвиней, Либери болон Сьерра-Леон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гэж Баруун Африкийн гурван улсын тэргүүн нар үзэж байна.
Үхлийн аюулт вирусийн халдвар Сахарын цөлийн өмнөд хэсэгт оршдог Баруун Африкийн орнуудын эдийн засагт энэ онд 6.2 тэрбум долларын хохирол учруулж болзошгүй байна гэж Дэлхийн банкны тайланд дурьдав.