Эрүүл мэнд, Спортын яамнаас сар шинийн баярыг тохиолдуулан зохистой хооллолт, хоол боловсруулах замын өвчинтэй холбоотой мэдээллийг өнөөдөр хүргэлээ.
Цагаан сараар иргэд ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг байна.
Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг аж. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг байна.
МСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганзориг “Цагаан сарын бууз их өндөр илчлэг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг ширхэг бууз 200 гаруй ккал, жижиг тавагтай нийслэл салат 260 гаруй ккал илчлэг агуулдаг. Мөн бидний өргөн хэрэглэдэг цагаан архи 50 грамм нь 115 ккал илчлэг агуулдаг. Сар шинээр нэг хүн 3-5 айлаар ороод гурван бууз, жижиг салат, гурван хундага архи уухад энэ маань 4,000 хол давсан ккал илчлэгтэй болдог. Эрэгтэй хүн өдөрт 2,500 ккал, эмэгтэй хүн 2,000 ккал илчлэг авах хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг” гэж ярилаа.
Гэтэл баярын өдрүүдээр хүмүүс үүнээс хоёр дахин их илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг байна. 3,500 ккал илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг. Үүнээс сэргийлж аль болох ногоон навчит ногоо, өөх тос багатай хоол хүнс сонгохыг мэргэжилтнүүд зөвлөлөө.