- Ил задгай борлуулж буй газар, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдан авах. Тухайлбал, он гарснаас хойш 15 аймгийн 41 суманд 52 голомтод 70 гаруй мал, амьтан галзуу өвчнөөр өвчилжээ.Иймд хоол хүнсэндээ хэрэглэх махны гарал үүслийг сайн судалж худалдан аваарай.
- Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ авчирч ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчид, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам г.м зарим хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх.
- Салат, зууш бэлтгэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн болон дулааны боловсруулалтын горимыг зөв баримтлан бага, багаар бэлтгэж хэрэглэх. Тухайлбал өндөг, тахианы махыг чанахдаа чаналтыг гүйцэд хийж, тухайн хэрэглэх хэмжээгээр бэлтгэж хэрэглээрэй. Яагаад гэвэл эдгээр нь сальмонелл, кампилобактер, стрептококк зэрэг нян, шувууны томууны вирусээр бохирлогдсон байх магадлалтай.
- Бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчид, тагтай саванд хийж хадгалах.
- Хоносон хоол хэрэглэхгүй байх. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилнө. Нянгийн үржих таатай хэм 4С-62С ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд нэг нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа нэг тэрбум болж үрждэг. Перфингенс, ботулин г.м зарим спортой нянгууд чаналт, халууны боловсруулалтын үед хуяг үүсгэн амьд үлдэн хороо ялгаруулах чадвартай.
- Хоол хүнс бэлтгэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг сайтар сахих, ялангуяа түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх. Өөрөөр хэлбэл мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх.
- Цэвэр байх дүрмийг сайтар баримтлах. Сав суулга, аяга тавгийг хоёр удаагийн угаалтаар (угаагч бодисоор тосыг нь угаасны дараа заавал цэвэр усаар зайлах) угаах.
- Гарын ариун цэврийг сайтар сахих. Ялангуяа хоол, хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, цэвэрлэгээ хийсний дараа гараа сайтар савандаж угаах, гар угаах тохиромжгүй бол нойтон салфетка, ариутгагч шингэнийг хэрэглэж занших.
- Түүхийгээр идэж хэрэглэх жимс, ногоо нь газар тариаланд хэрэглэдэг химийн бодис, бордоогоор бохирлогдсон байх магадлалтай учраас болж өгвөл хүйтэн усанд сойх эсвэл сайтар угааж, хальсалж хэрэглэх.
Найдвартай ундны усыг хэрэглэх. Усаа буцалгаж, шүүж хэрэглээрэй