Ц.Болормаа
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Tian Poh Resources” компани үнэт цаас арилжин 1.62 сая ам.доллар босгосон талаар proactiveinvestors.com.au цахим хуудсанд мэдээлэв. Сингапурт төвтэй “Tian Poh Resources” нэгж бүр нь 0.18 ам.долларын үнэтэй есөн сая ширхэг хувьцаа борлуулсан гэнэ. Мөн тус компани зэс-молибдений “Зуун мод” төслийн 51 хувийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компаниас худалдан авч, эзэмших болжээ. Азийн ложистикийн томоохон группуудын нэг “Poh Group Pte”-гийн охин компани “Tian Poh Resources” нь “Erdene Resource Development”-д 4.8 сая ам.долларыг (бэлэн мөнгө болон хувьцаагаар барагдуулах) таван жилийн хугацаанд төлөх гэнэ. Мөн “Зуун мод” төсөлд зориулан зургаан жилд 10 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд цаашид эзэмшлийн хувиа 70-90-д хүргэж магадгүй аж. “Erdene Resource Development” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петр Акерли “Энэхүү хэлэлцээрийг хийснээр Монгол дахь “Алтан нар” төсөлд илүү анхаарах юм” хэмээн ярьсан байна.
Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын нутагт, Хятадын хилээс 200 км-ийн зайд 6041 га талбайг хамран орших Зуун мод ордыг 0.057 хувийн агууламжтай молибден, 0.069 хувийн агууламжтай зэс агуулсан 218 сая тонн нөөцтэй гэж тогтоож байсан аж. Азид томоохонд тооцогдох молибдений ордын нэг Зуун мод нь Канадын NI43-101 стандартын дагуу 1.4 сая тонн зэсийн нөөцтэй гэх мэдээлэл өмнө нь гарч байв.