Өмнийн шаргал говьд анх удаа зочлоод ирлээ. Алтайн нурууны төгсгөл хүрдэг өндөр уулст шаргал нутаг аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны орон нутгийн томилoлтоо тус аймагт хийж, амралтын өдрүүдэд ажилласан юм. Замд гарсан эхний өдөр цаг агаар дулаан, налгар намар шиг л байлаа. Гэтэл маргааш нь шороогоор шуурч, хүчтэй салхилах нь тэр. Буцах өдөр маань харин цас орсон. Ингээд л хоёр өдрийн дотор гурван улирал “үзчихэв”.
З.АМАРСАНАА: ЭНЭ ЖИЛ 500 ОРЧИМ МАЛ ТӨЛЛҮҮЛНЭ
Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин З.Амарсанаад Ерөнхий сайд “Улсын сайн малчин” цол тэмдэг гардуулав. Цаг уурын хүндрэлтэй үед отрыг оновчтой зохион байгуулж, мал сүргээ толгой бүтэн авч гардаг, сүргийнхээ чанарт анхаарч, үүлдэр сайжруулдаг, бэлчээр усаа зөв хуваарьтай ашигладаг зэрэг чанар, хөдөлмөрийг нь төр ийнхүү үнэлсэн. Тэднийх нэг туслах малчинтай гэнэ. Мал төллөх, ноос ноолуур хураах цагаар туслах малчдыг нэмж ажиллуулдаг юм байна. Туслах малчин сард 300-400 мянган төгрөгийн цалинтай юм билээ.
Таван хошуу малаа бүгдийг малладаг нь түүний бас нэг онцлог. Тэднийх 1000 гаруй ямаа, 300 орчим хонь, 60-аад тэмээ, 40 гаруй үхэр, 80 гаруй адуутай. Өнгөрсөн хавар 700 гаруй төл хүлээн авсан бол энэ жил 500 мал төллүүлэхээр бэлтгэлээ хангаж буй юм байна. З.Амарсанаагийн гэргийг М.Мөнхтуяа гэдэг. Тэднийх хүү, охин хоёртой. Охин нь зургадугаар ангийн сурагч бол хүү нь гурван настай юм билээ. Хүүгээ багаас малд нүдтэй, өөрийг нь залгамжлах малчин болно байх хэмээн боддогоо улсын сайн малчин З.Амарсанаа хуучилсан. Эцэг, өвгөдөөс уламжилж ирсэн мал маллах ухаанаа орчин үеийн шинжлэх ухаантай хослуулбал амжилтад хүрч болно хэмээн тэрбээр залуу малчдад захисан. Тэр 2007 онд сумынхаа, 2013 онд аймгийн “Сайн малчин”- аар шалгарч байжээ.
Х.МОНГОЛЖИН ОХИНД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ
Үүний дараа Ерөнхий сайд аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Түүний багт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон яам, агентлагийн газрын төлөөлөл багтсан байлаа. Эхлээд хувийн хөрөнгөөр бүтээсэн үйлдвэр, газруудтай танилцсан. Эхний очсон газар “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн “Далан булаг” цэвэр усны үйлдвэр байв. 2008 онд таван ажилчинтайгаар ажлаа эхэлж байсан энэ үйлдвэр одоо 520 ам метр талбай бүхий хоёр давхар байртай, 20 орчим ажилчинтай болж өргөжжээ.
Тэд “Оюутолгой”, “Хүннү ресурс” зэрэг уул уурхайн компани болон жуулчны баазуудад усаа нийлүүлдэг болсон байна. 2011 оноос хойш борлуулалт нь тогтмол өсөж яваа аж. Цаашид хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 250 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа гэнэ. Ийм бодит ажил хийж буй залуусыг Засгийн газар дэмжиж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас шаардлагатай санхүүжилтийг нь шийдэж өгнө гэдгээ Аж үйлдвэрийн сайд онцолсон. Мөн “Эрхэт баян тулга” ХХК “Шинэ говь” худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Гэр бүлийн хос 2014 онд арилжааны банкнаас хоёр тэрбум төгрөгийн зээл авч тус бүр 1080 м2 талбайтай хоёр худалдааны төв барьж ашиглалтанд оруулсан юм байна. “Оюутолгой” ид ажиллаж байх үед тус аймгийн эдийн засгийн хөгжил эрс сайжирсан.
Гэвч одоо далд уурхайн ажил зогсоод хоёр жил гаруй боллоо. Уул уурхайгаас хараат хөгжилтэй аймаг учраас энэ хэрээр эдийн засаг, иргэдийн амьжиргаа доошилж буй гэнэ. 1080 ам метр талбай бүхий худалдааны төв ашиглалтад ороод сар болж байхад арав хүрэхгүй лангуу л эзэнтэй байлаа. Улсын төсвийн хөрөнгөөр аймгуудад тохилог, дулаан худалдааны төв барихаар зорьж буй үед Өмнөговьд хувийн компани энэ асуудлыг шийдсэнд Ерөнхий сайд олзуурхаж байлаа. Үүний дараа гурван сая дахь иргэнийд зочилсон юм. Хатанболдынх дөрвөн ханатай, жижиг гэртэй аж. Олон зочин багтахгүй учраас Ерөнхий сайд тэргүүтэй цөөн хүн л гэрт орсон. Тэрбээр охины эцэг, эхэд батламж гардуулж, Х.Монголжин охинд эрүүл энх өсөн торниж, сайн хүн болохыг ерөөлөө.
ДУРАНГИЙН БОЛОН ТАРХИНЫ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА
Ерөнхий сайд мөн тус аймгийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулиар зочилсон юм. Сургуулиуд Цагаан сарын баярын хичээлээ амралтын өдрөөр нөхөж орсон учир бяцхан эзэд нь Ерөнхий сайдыг алга ташин угтсан. Мөн ахлах ангийн сурагчдаас бүрдэх хамтлаг дуу хуураа өргөв. Байгаль, нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль 1991 онд байгуулагджээ. Эдүгээ 1500 сурагчтай гэнэ. Сургуулийн захирал С.Адилбиш “Манай сургууль 30 гаруй дугуйлан, хүүхэд хөгжүүлэх чиглэлийн 10 гаруй клубтэй. Үүнд нийт сурагчийн 90 хувь хамрагдсан” гэсэн мэдээллийг Ерөнхий сайдад өгсөн. Мөн БСШУЯ-ны санхүүжилтээр 2012 оноос Багшийн хөгжлийн төв ажиллуулж, багш нарынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд анхаардаг юм байна.
Сургалтын таатай орчин бүрдүүлж, сурагчдын сурах боломжийг хангахын тулд орон нутгийн төсвөөс дотоод хяналтын камерийн иж бүрдэл, найман ухаалаг самбар, физикийн лаборатори, технологийн кабинет, биеийн тамирын танхимын тоног төхөөрөмж зэрэг 136.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус сургууль 2013 онд Улсын тэргүүний сургууль болсон юм. Үүний дараа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч ажилтнуудтай уулзаж, Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажилтай нь танилцлаа.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилж, эмч, мэргэжилтний чадвар дээшилснээр нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн оныхоос 2.3 хувиар буурчээ. Мөн аймагт оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн байна. Ингэснээр гемодиализын таван аппарат ямар ч саадгүй ажиллаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилж буй аж. Мөн дурангийн мэс заслын хагалгаа, тархины мэс засал хийж, төрөл бүрийн хугарлыг рентгений тусламжтай эмчилдэг болсон байна. Тэнд мөн 50 ортой эмнэлэг ажиллаж буй юм.
ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС НЭМЭГДСЭН ТЭТГЭВРЭЭ АВНА
Өмнөговь аймаг 4300 гаруй ахмадтай. 100-гаас дээш настай ахмад гурав, 90-ээс дээш настай буурал 70 гаруй байдаг гэнэ. Ахмадуудын эрхийг хамгаалах зорилгоор ажилладаг хэд хэдэн төрийн бус байгууллага бий. Тэдний төлөөлөлтэй Ерөнхий сайд уулзаж, төрөөс ахмадуудаа дэмжих талаар ямар бодлоготой ажиллаж буйгаа танилцуулав. Энэ оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэхэд зориулж 93 тэрбум төгрөг хуваарилсныг хэлсэн. Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагчдаа бид үргээж орхисноос энэ бүхэн үүдэлтэй. Үүний сөрөг талыг өмнөговьчууд илүүтэй мэдэрч байгаа болов уу. Тавантолгойн хэлэлцээр ид өрнөж байна, Цагаан сарын дараа эцэслэн шийдэх байх. Оюутолгойн ил уурхай ажиллаж байгаа ч далд уурхай зогссон. Тиймээс цалин тэтгэвэр нэмэх боломжгүй, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа.
Гэвч хүсэлт их ирсэн учраас бид нэмэлт эх үүсвэр босгож цалин, тэтгэврийг бага ч гэсэн нэмэгдүүллээ” гэв. Ахмадууд тэтгэврийн зээлийн хүү хэтэрхий өндөр байна, үүнийг хэзээ буулгах, тэтгэвэр яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн, хэзээнээс олгохыг сонирхож байсан. Тэтгэврийн зээлийн хүүг буулгах талаар Засгийн газар ажиллаж байгаа, гэвч банкуудад шууд шахалт үзүүлэх боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлав. 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэртэй иргэдэд 22.000, түүнээс дээш “цалин”-тай ахмадуудад 20.000 төгрөг нэмэгдэж, гуравдугаар сарын 1-нээс олгох гэнэ. Улмаар аймгийн төв телевизээр шууд ярилцлагад орж, иргэдийн сонирхсон зүйлд Ерөнхий сайд хариулсан. Салбарын болон гавьяат шагналд тодорхойлсон хүмүүсийн асуудлыг шийдэхгүй, хариу өгөхгүй байгааг хэд хэдэн хүн ярив. Мөн Цагаан дэлийн боомт нээж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцсэн, БНХАУ-д албан бичгээ илгээсэн юм байна.
Өмнөговийн иргэд ахуйн, аар саархан зүйл огт ярьсангүй. Тэд харин бүү улстөржөөч, ялангуяа бие даагч гишүүддээ үүнийг сануулаач гэж хүсэж байлаа. Ерөнхий сайд “Санал нэг байна. Бид одоо ажилдаа шамдах учиртай. Туйлшрах аюултай. 17.5 тэрбум төгрөгөөр гэр бүлийн хоёр хүнтэй компаниас хуульч хөлсөллөө гээд шуугиж байна. “Рио Тинто” компани олон сайн хуульчтай. Бид ч бас тийм хэмжээний хуульч авч ажиллуулж байж амжилттай хэлэлцээр хийнэ. 10 сая доллараар хууль, санхүү, PR-ийн зөвлөх хөлслөөд 4.2 тэрбум доллараа хамгаалах асуудал шүү дээ. Тэгээд үүнд огт хамаагүй атал С.Баярцогт сайдыг огцруулах асуудал оруулж ирсэн. Нэгдүгээр сарын 31-нд энэ асуудлаар хандсаных нь дараа би С.Ганбаатар гишүүнтэй уулзаж тайлбарласан. Өө тийм байна гээд гарсан атлаа дахиад ийм асуудал оруулж ирлээ. Энэ хүмүүс гаднын эрх ашгийн төлөө ажиллаад буй мэт харагдаж байна” гэсэн тайлбар хийлээ. “УИХ-ын гишүүд өөрсдийн зардлаа хасахгүй байж хүүхдийн мөнгийг хасах оролдлого хийсэн. Үүний шалтгаан юу вэ” хэмээн нэг иргэн асуужээ.
Түүнд “Бүх хүүхэд мөнгөө авна. Уг нь би бүх хүүхдийн мөнгийг хасъя гээгүй. Монгол Улс иргэдээ судалсан. Боломжийн амьдралтай өрхүүдийн хүүхдэд энэ мөнгө хэрэг болдоггүй, тиймээс тэдэнд өгөхгүй байя л гэсэн юм. Ерөнхий сайд миний, сайд, гишүүдийн, томоохон бизнес эрхлэгчдийн хүүхэд ийм мөнгө авахгүй байж болно. Жил бүр хүүхдэд зориулсан төсвийн мөнгөний 10 хувь нь үлддэг юм. Үүнийг л хэлсэн. “Эхийн алдар” одонгийн тухайд бага хүүхэд нь 18 нас хүрэхэд тэтгэмжийг зогсооё гэсэн. Түрүүчийн хүүхдүүд нь 40 хүрчихсэн байна шүү дээ. Одоо тэр хүүхдүүд төрөөс ээжид нь жилд нэг удаа өгдөг 100- 200 мянган төгрөгийг өөрсдөө өгчих л дөө. Ээж, аавыгаа өргөх үүргийг төрөөс тэд аваг. Ийм л асуудал ярьсан юм” гэлээ. Мөн “Өмнөговь бусад аймгаас хөгжлөөрөө түрүүлж явна. Нийслэлтэй замаар холбогдчихлоо. Одоо сумдаа холбох тухай ярьж эхэлжээ. Нийслэлд ч ховорхон байдаг компьютер томографийн аппарат танай аймагт ажиллаж байна” хэмээн онцоллоо.
С.ТУУЛ