Хувийн хэвшлийнхэнтэй 2-3 цахилгаан станц барих концессийн гэрээг ирэх хавар байгуулна гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ярьсан. Цахилгаан станц барих концессийн гэрээ нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байх аж. Тэрбээр “Нүүрсний уурхайн аманд концессийн гэрээний дагуу цахилгаан станц барих төслүүдийг дэмжих бодлого баримтална” гэж тодруулсан юм.
Улаанбаатар хотод Тавдугаар цахилгаан станц барихаар Францын “ЖиДиЭф Суэз”, Японы “Сожитц”, БНСУ-ын “Поско Энержи”, Монголын “Ньюком” компанийн түншлэлтэй өнгөрсөн жил концессийн гэрээ байгуулсан. Тэгвэл Тавантолгойн ордод түшиглэн цахилгаан станц барих шалгаруулалтад Японы “Марубени корпораци”, “Кансай электрик”, Франц, Солонгосын хамтарсан “ЖиДиЭф Суэз” ба “Поско Энержи” консорциум өрсөлдөж байгаа.
Оролцогчдын саналыг энэ сард хүлээн авахаар товлосон. Дээрхээс гадна тус бүр 600 мВт хүчин чадалтай Цайдам нуур, Бөөрөлжүүлт, Эрдэнэцогтын цахилгаан станцыг уурхайн аманд барихаар хувийн хэвшлийнхэн тооцоо судалгаа хийж буй. Мөн Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн 270, Хотгорын ордод 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар ажиллаж байгаа.
Т.БАТ