Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хөвсгөл аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Үүнээс болж агаарын тээврээр зорчих иргэдийн тоо эрс багасч “Хүннү эйр” компани Хөвсгөлийн нислэгээ ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл гурван сар түр зогсооно гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар тус компанийн менежер Б.Баясгалангаас тодруулахад “2-3 нислэг цуцалснаас биш бүрм өсөн зогсоочихож байгаа хэрэг биш.
Цагаан сарын дараа орон нутаг руу явах иргэдийн урсгал татарч, тэндээс хот руу ирэх хүмүүсийн олонх нь автомашинаар зорчдог. Иргэдийн урсгал болон зорчигчид хэр их байгаагаас шалтгаалж зарим нислэгийг нэгтгэдэг. Одоогоор Хөвсгөлийн нислэгийг Увс аймгийнхтай нэгтгэж, Улаанбаатар- Хөвсгөл-Увс гэсэн чиглэлээр явуулж байгаа.
Хөвсгөлийн нислэгийг зогсооно гэсэн албан ёсны мэдээлэл манайх өгөөгүй. Аймаг бүр рүү нислэг үйлдэхээр зарим үед цөөн зорчигчтой байх нь бий. Тиймээс ирэх сарын 1-нээс хэр олон зорчигч байгаагаас шалтгаалж, зарим аймгийн нислэгийг нэгтгэж болзошгүй гэж таамаглаж байна. Зорчигч олон байвал заавал нэгтгэх шаардлагагүй” гэв.
Ч.ЗУЛ