“Оюутолгой” компанийн 2013 оны долдугаар сараас эхлэн экспортолсон баяжмалын нийт хэмжээ нэг сая тоннд хүрсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Энэ нь тус компани тогтвортой үйлдвэрлэлд шилжих явцад гарч байгаа чухал үйл явдлын нэг гэдгийг тэд дурджээ. “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй энэ талаар ярихдаа “Нэг сая тонн баяжмалыг богино хугацаанд экспортод гаргасан амжилтад “Оюутолгой”-н нийт ажиллагсдын хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэсэн байна. Мөн гэрээт компаниудын ажиллагсдын хувь нэмрийг онцолжээ.
Өнгөрсөн онд “Оюутолгой” компани 250 орчим сая ам.долларын татвар, хураамж, бусад төлбөр төлсөн гэнэ. Түүнчлэн дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан аж.
Ц.Болормаа