Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэх тарифыг 1.25 ам.доллар болгон дахин бууруулсныг “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ. Монгол Улсын Засгийн газрын 299 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд дээрх чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлсэн билээ. Үүнээс өмнөх зам ашиглалтын тариф 2013 онд 4.2 ам.доллар байсан бол өнгөрсөн онд 60 хувиар бууруулж 1.5 “ногоон” болгож байв.
Өмнөх сарын эцсээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон зөвлөлгөөний үеэр тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд төр засгийн эрх бүхий байгууллага болон авто зам эзэмшигчээс зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэн, уриалга гаргаж байлаа. Тэдгээрийн нэг нь Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын авто замын тарифыг бууруулах хүсэлт байсан юм. Дээрх чиглэлийн 239 км авто замын тээвэрлэлтийн тарифыг хямдруулсан нь нүүрс тээвэрлэгч компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг болж, нэг машин тутамд 34.580 төгрөг хэмнэх тооцоо гарчээ.
Ц.Болормаа