Сар шинийн баярын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар салхи 18-20 м/с хүрч ширүүсэн хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарсан тул Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар орон нутгийн зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан билээ.
Тодруулбал, энэ сарын 20-ны 23.00 цагаас 21-ний 07.00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарласан бол шинийн 3 буюу энэ сарын 21-ний 07.00 цагаас 22-ны 07.00 цаг хүртэл Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь чиглэлийн орон нутгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарласан юм. Харин өчигдөр 07.00 цагаас дээрх хязгаарлалтыг цуцаллаа. Цасан шуурганы улмаас зам халтиргаа, гулгаатай байгаа учраас жолооч нар орон нутгийн замын хөдөлгөөнд хурдаа тохируулан, эгнээ байраа зөв эзлэн оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Мөн манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байгаа тул иргэд гол мөрөн дээгүүр явган болон автомашин, техник хэрэгсэлтэйгээ зорчихгүй байхыг санууллаа.
Ч.БОЛОРТУЯА