Бангладешийн нийслэл Дака хотоос баруун хойд зүгт 40 орчим км-ийн зайд, Маникганж дүүрэгт орших Падма голд хоёр тавцантай гаталга онгоц ачаа тээврийн усан онгоцтой мөргөлдөж, хөмөрчээ. Улмаар 69 хүн нас барсан бөгөөд тэдний 19 нь хүүхэд байсан гэнэ. Осолд өртсөн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгааг цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүд хэлжээ. Гэхдээ хоёр давхрын тавцанд байсан хэдэн арван хүн ус руу үсэрч эрэг дээр гарч чадсан байна. Гаталга онгоцоор хэдэн хүн тээвэрлэж явсан нь хараахан тодорхойгүй байгаа ч 100 гаруй зорчигч байсан гэх мэдээлэл байгаа хэмээн CNN дамжуулав. Тэгвэл тэнд 140 орчим зорчигч байсан гэж “Associated Press”-д тэмдэглэжээ.
Үүнтэй ижил осол энэ сарын эхээр Бангладешийн өмнө хэсэгт гарч долоон хүн нас барж байжээ. Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард Падма голд мөн л гаталга онгоцны осол гарч 100 гаруй хүн нас барсан гэнэ. Тухайн үед 85 хүний багтаамжтай усан онгоцонд 200 гаруй хүнийг тээвэрлэж байсан аж. Ер нь 130 орчим голтой Бангладешд чанар муутай усан онгоцоор олон тооны хүн тээвэрлэж, ихэнх тохиолдолд зорчигчдын бүртгэл хийдэггүй нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг байна.
Ц.Болор