Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн зарим хүнд уучлал үзүүлсний нэг нь ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Тожооны Дашдэлэг. Тэрбээр дээрх албыг хашиж байхдаа Улсын нөөцийн газрын дарга асан Ж.Бямбаноров, иргэн М.Сэргэлэнбаатар нартай хамтран байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “МИГ-21” онгоцны моторыг БНАСАУ-д 679.800 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар нэг тэрбум орчим төгрөгөөр худалдахыг завдсан хэрэгт холбогдсон юм.
Түүний энэ үйлдэлд нь анхан шатны шүүх 2014 оны нэгдүгээр сарын 6-нд гурван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Улмаар дээрх мөнгийг Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нараас гаргуулан тус улсын Ардын Зэвсэгт хүчний харьяа “Ылмир” компанид олгохоор шийдвэрлэсэн. Бригадын генерал Т.Дашдэлэг ШШГЕГын харьяа хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан бөгөөд Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидал илгээгээд багагүй хугацаа өнгөрсний дараа эдлэх ёстой хоёр жил гаруйн ялаас чөлөөлөгджээ.
Зэвсэгт хүчнээс төрсөн генералууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглах тохиолдол мэр сэр гарч буйн өөр нэг жишээ нь ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, БХЯ-ны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит компанийн захирал асан, хошууч генерал Мөөгөний Жаргалын өдүүлсэн хэрэг аж. Түүнд мөрдөн байцаах хоёр ч байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорт тус тусдаа хянагдаж буй сонин тохиолдол үүсээд байгаа юм. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар нэг хүнд холбогдох хоёр хэргийг нэгтгэн шалгах учиртай. Гэтэл хошууч генерал М.Жаргалд холбогдох бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо хэргийг хянан яллах дүгнэлт үйлдээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүх уг хэргийг хэлэлцэхээр хурлыг Цагаан сараас өмнө хэд хэдэн удаа зарласан ч шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч М.Жаргалаас шалтгаалан гурван ч удаа хойшилсон юм. Хамгийн сүүлд хошууч генерал М.Жаргал шүүх хурал дээр согтуу ирсэн учраас хурлыг хойшлуулж, шүүхийг үл хүндэтгэсэн түүнийг цагдан хорьсон гэнэ. М.Жаргалд холбогдох өөр нэгэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн II прокурорын газарт саяхан шилжүүлсэн байна.
Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдоод байгаа гэнэ. Энэ хоёр хэргийг прокурорын байгууллага саяхныг болтол мэдэхгүй, тусдаа дугаар олгон шалгуулж байсан бөгөөд сэтгүүлчдийн мэдээллийн дагуу хэргийг нэгтгэн шийдвэрлэхээр болж буй сурагтай. Магадгүй энэ сарын 26-нд товлосон шүүх хурлаас хэргийг нэгтгэн шалгуулахаар буцааж болзошгүй.
Д.ДАЙЧИН