Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ирлээ. Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын төвийн захирлын албыг давхар хашдаг тэрбээр энэ сарын 23-27-нд манайд ажиллах бөгөөд өчигдөр хотын мээртэй уулзав. “Манай шинэчлэлийн багийнхан нийслэлийг удирдаж эхэлснээсээ хойш аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг тусгахыг хичээж байна. Гэвч зарим тохиолдолд иргэдээс авч буй санал маань төдийлэн үр дүнтэй бус байх юм.
Жишээ нь, Улаанбаатар хотын иргэд анх удаа хогны зориулалтын уут ашиглаж эхэлсэн. Үүнийг ашиглахаасаа өмнө би өөрийн биеэр явж иргэдэд танилцуулан, санал авсан. Тухайн үед бараг бүгд л дэмжиж байна гэсэн ч яг уутаа тараагаад, ашиглаад эхэлтэл эсрэгээрээ болсон. Магадгүй мөнгөн дүн, улс төрийн явуулга нөлөөлсөн байх л даа. Гэхдээ миний бодлоор санал асуулга явуулж байгаа хэлбэр арай биш болж таараад байгаа юм.
Нэг үгээр бид иргэдийнхээ саналыг авах биш өөрсдийнхөө саналыг дэмжүүлээд байгаа дүр зураг ажиглагдаад байна. Тиймээс таныг энэ асуудал дээр бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн Э.Бат-Үүл дарга хэлэв. Харин Жэймс С.Фишкин “Энэ талаар би лекц уншихдаа дэлгэрэнгүй ярина. Одоо товчхон хэлэхэд, нэгдүгээрт санал асуулгад нийгмийг төлөөлж чадахуйц иргэдийг оролцуулах ёстой.
Мөн ганц удаагийн саналаар бус, эхлээд төслөө ард иргэдэд танилцуулж, дараа нь шийдвэр гаргах түвшинд хүрсэн хойноо давтан санал авах зэргээр баталгаажуулах шаардлагатай байдаг” гэж зөвлөлөө. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг оронд нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн тэрбээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахаас гадна нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзах юм. Мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, манай Засгийн газар, Олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншина.
Л.АРГАМЖИН