Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар энэ сарын 18-нд ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарт холбогдох хэргийг хэлэлцсэн юм.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох хэргийг 2014 оны наймдугаар сарын 19-нд хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө завшин онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, зургаан жил зургаан сар хорих ял шийтгэсэн юм. Мөн С.Батмөнхийн эзэмшлийн “Ланд круйзер-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Тоёота Хайлюкс” автомашиныг хураахаар шийдвэрлэсэн юм. Харин М.Батболдыг бусдын эд хөрөнгийг завшсан, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, долоон жил хорин, “Хаммер H3” маркийн автомашиныг хураах ял оноон, шүүгдэгч Г.Наранцэцэгийг цагаатгасан. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.Харин Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарын бусдын эд хөрөнгө завшсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэдэнд албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.0 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ. Харин тэдний төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг хэвээр үлдээсэн байна.Мөн М.Батболдын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгө завшсан үйлдлийнх нь зүйлчлэлийг өөрчлөн албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, дээрх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэн, С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нарыг суллахаар болжээ. Харин тэдний улсад учруулсан нэг тэрбум 62 сая төгрөгийг дээрх гурван хүнээр төлүүлэхээр шийдвэр гаргасан байна.