XVII жарны согтоогч хэмээх модон хонин босгон дээр олон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж “Улсын сайн малчин” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Дорнод, Сүхбаатар, Булган аймгийн малчдад салбарын сайд Р.Бурмаа шагналыг нь гардуулжээ. Дорнод аймаг 2014 оны эцэст 120.800 адуу, 65.400 үхэр, 34.800 тэмээ, 690.700 хонь, 775.000 ямаа бүгд 1.7 сая мал тоолуулж урьд оныхоос 11.2 хувиар өсгөсөн амжилттай бөгөөд энэ жил тус аймгаас “Улсын сайн малчин” цолоор Баян-Уул сумын малчин Б.Батболд, Сэргэлэн сумын малчин Ч.Гаалиа, Чойбалсан сумын малчин Б.Алтангэрэл, Булган сумын малчин Г.Оюунсүрэн нарын дөрвөн малчин мөн “Алтан тугал”-ын эзнээр Баян-Уул сумын малчин Б.Мөнхжаргал нар тодорсон юм. Мөн энэ үеэр сайд Р.Бурмаа Монгол улсын гурван сая дахь иргэний чацуутан Баян-Уул сумын багийн иргэн С.Тэмүгэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулсан байна.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин Д.Очирпүрэвийн хувьд олон малтай болж, өнчин дүү нараа сайхан амьдралтай золгуулах гэсэн 24 жилийн тэртээх мөрөөдлөө биелүүлснээр барахгүй “Улсын сайн малчин” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртээд баярлаж сууна. Өдөр тутмын үйл ажиллагаандаа тэмээгээ уналга болгон хэрэглэдэг түүний аав М.Дамдин Сүхбаатар аймгийн сайн малчин байжээ. Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Б.Бат-Эрдэний хувьд 26 жилийн турш тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд улирал улиралд нь тохируулж малладаг юм байна. Тухайлбал өвөл, хавартаа аль болох тогтуун, ойрын бэлчээрт хариулах, харин зун, намартаа эрт бэлчээж, орой хотлуулах хэрэгтэй гэж үздэг. Өнөө жил 700 үхэр, 1000 гаруй хонь, ямаа тоолуулсан тэрээр “Улсын сайн малчин” алдрыг хүртсэн. Булган аймгийн Сайхан сумын Мануулт багаас төрсөн “Улсын сайн малчин” Дамдинсүрэнгийн “Малын буян гэдэг бол Монгол сайхан орны минь буян. Тэр дундаа улсад адуугаараа тэргүүлдэг Булган аймгийн Сайхан сум дэндүү сайхан, дэлгэр нутаг. Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Сэтгэлээсээ хандсан бүхэн өгөөжөө өгдөг. Сэтгэл дутвал ажил дутна. Ажил дутвал амьдрал дутна” хэмээсэн эрс шулуухан хэлсэн үгс нь залуу малчдад ихээхэн хатуужлыг олгодог гэлтэй. Салбарын сайд малчдын ахуй амьдралтай танилцаж, санаа бодлыг нь сонсон сүү, цагаан идээгээгээ чанарын өндөр түвшинд боловсруулан борлуулж, жижиг дунд үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаад нь талархаад салбарын яамны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.