Зарим супермаркет үйлчлүүлэгчдийн хариулт мөнгөнд 10, 20 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэрт өгч байна гэсэн яриа иргэдийн дунд тархжээ. Үнэхээр тус супермаркетуудын иргэдэд хариулж өгч буй 10, 20 төгрөгийн шинэ дэвсгэртийн өнгө бүдэг цайвар, баруун доод буланд байдаг Чингис хааны далд хөрөг, Сүхбаатарын хөрөгний товгор болон гэрэлд харагддаг ялтсан утас байхгүй байлаа.
Энэ талаар Монголбанкны ажилтнуудаас лавлахад “Тус мөнгөн дэвсгэртийг өнгөрсөн онд шинээр хэвлэсэн. Бага мөнгөн дэвсгэртүүдийг үйлдвэрлэхдээ гарт мэдрэгддэг товгор болон ялтсан утас, гэрэлд харагддаг Чингис хааны хөрөг байрлуулахаа больсон гэсэн. Энэ мөнгөн дэвсгэртүүд хуурамч биш. Гэхдээ шинээр хэвлэсэн 10, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн нууцлал муудсан гэж бодож байна” гэлээ.