Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилготой "Монгол Улсын төлөө зүтгэе" телевизийн цуврал нэвтрүүлэг батлан хамгаалах салбарынхан хийж байгаа аж. Энэхүү нэвтрүүлгээ "ТВ9" телевизтэй хамтран бүтээж байгаа бөгөөд цэргийн албыг олон нийтэд сурталчлах, цэргийн алба хаах нь эр хүн бүрийн гүйцэтгэх үүрэг гэдгийг ойлгуулах зорилготой аж.
Нэвтрүүлэг Монгол цэргийн өдөр буюу гуравдугаар сарын 18-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна. Эр цэргийн албыг сурталчлах энэхүү нэвтрүүлэгт урлаг, спортын оддоос эхлээд малчин, судлаач, уурхайчин, багш, аврагч, инженер гээд салбар бүрийн төлөөлөл оролцож байгаа аж.
Тухайлбал Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Хонгор, залуу уран бүтээлч Д.Найдандорж нарын 26-гаас дээш насны 16 залуу оролцож байна. Эдгээр залуусын хувьд цэргийн албыг биеэр хаагаагүй ч дүйцүүлэх болон мөнгөн төлбөрөөр хаасан юм байна. Нэвтрүүлэгт оролцогчдод Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батламж гардуулж амжилт хүслээ.