Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” нь Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” компанийн эзэмшлийн 22 хувиа БНХАУ-д төвтэй “Novel Sunrise Investments”-т 17 орчим сая канад доллар (13.5 сая ам.доллар)-аар зарахаар тохиролцсоныг “Bloomberg” мэдээллээ. Тодруулбал, 48.7 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь 0.35 канад доллараар арилжих аж. Энэ нь өнгөрсөн даваа гаригийн арилжааных нь ханшаас 31 хувиар хямд дүн юм байна. Хэлцлийг ирэх сарын 31 гэхэд хийж дуусгаад 8.5 сая канад долларыг шилжүүлэх гэнэ. Үлдсэнийг нь жилийн дараа төлөх юм байна.
Уг мэдээлэл цацагдсаны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дэх “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 1.1 хувиар дээшлэн 3.79, “SouthGobi Resources” компанийнх 9.8 хувиар өсөн 0.56 канад доллартай тэнцэв.
Мөн үл хөдлөх хөрөнгө, ложистик, ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Novel Sunrise Investments” нь “SouthGobi Resources” компанид 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон гэнэ. Улмаар “SouthGobi Resources” нь 21.7 сая ширхэг хувьцааг хаалттай хүрээнд гаргана гэдгийг CNN дамжуулав.
Өнгөрсөн оны долдугаар сард “Turquoise Hill Resources” компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “National United Resources Holdings”-т “SouthGobi Resources”-ийн 56.1 сая ширхэг хувьцаа худалдахаар болсноо мэдэгдэж байв. Дээрх арилжаа хийгдсэнээр “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” нь “SouthGobi Resources” компанийн бүх хувиа (47.9) зарахаар болж буй юм.
Ц.Болормаа