Баруун аймгуудын нутгаар энэ өвөл цас багатай харьцангуй дулаан өвөлжсөн тул малчид хаваржаандаа эрт бууж эхэлжээ. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын малчид гэхэд Цагаан сар өнгөрөөгөөд энэ долоо хоногоос хаваржаа руугаа малаа тууж эхэлсэн байна. Тэд Даян нуур дахь хаваржаа хүртлээ 120-180 км зам туулна. Үлдсэн хүмүүс нь энэ долоо хоногийн сүүлчээр гэр, эд хогшлоо тэмээ, машинд ачаад араас нь нүүхээр төлөвлөжээ.
Малчдын нүүдлийн замд таарах Харганатын даваа зузаан цастай байгаа аж. Үүнээс гадна Хар нуур орчимд гэнэт цасаар шуурах эрсдэл ихтэй. Иймд Сагсай сумын ЗДТГ-аас Харганатын давааны цасыг цэвэрлэх, байгалийн бэрхшээл тохиолдвол Хар нуур орчимд хадгалсан аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг хэрэглэхээр бэлэн байлгаж байгаа гэнэ. Үүнээс гадна зургадугаар сард авахаар гэрээ байгуулан, малчдад бензин шатахуун зээлээр олгож байна. Тус сум энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн 90-ээд сая төгрөгөөр Даян нуурт үүрэн холбооны станц байгуулж, зам засахаар зэхжээ. Дашрамд дурдахад тус сум 130 гаруй мянган малтай.