Дорнод аймгийн Халхгол сум дахь Баянхошуу боомт энэ сараас байнгын ажиллагаатай боллоо. Өмнө нь тус боомтыг жил бүрийн хоёр, тав, найм, арваннэгдүгээр сарын 1-15-нд нээдэг байсан бол одооноос ажлын өдрүүдэд ажлын цагийн хуваариар ажиллуулах юм. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нар өнгөрсөн жил уулзахдаа улирлын чанартай Бургастай-Лаоемао, Хавирга-Архашаат, Ханги-Мандал, Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр тохирсон юм. Ингэснээр Монгол, Хятадын хил дээр 17 боомт тогтмол нээгддэг болов.
Хоёрдугаар сарын эхний хагаст тус боомтоор суудлын 179, ачааны 637 машин, 870 монгол зорчигч, гадаадын 641 иргэн нэвтэрсэн байна. Энэ хугацаанд гаальчид Гаалийн хууль зөрчсөн 11 зөрчил илрүүлснээс тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан нэг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хярсны 26, чонын нэг арьс, үхрийн мах 254.8 кг, чонын найман соёо, загас 52 кг-ыг хураан улсын орлого болгожээ. Гаальчид энэ хугацаанд улсын төсөвт 23.2 сая төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэв.