Орхон аймгийн Баян-Өндөр сум өвөлжилтийн бэлтгэлд зориулж 45 тонн буюу 2000 боодол өвс, 23 тонн багсармал тэжээл, долоон тонн хивэг нөөцөлсөн. Үүнээс малын хивэг болон 300 боодол өвсийг худалдаад байна. Мөн 2013 онд нөөцөлсөн өнжмөл өвсийг боодол тус бүрийг 1000 төгрөгөөр борлуулж эхэлжээ.
2013-2014 онд Орхон аймаг 10 мянган боодол өвс бэлтгэснээс 8000 орчим нь үлдсэнийг хямд үнээр борлуулснаар тал орчим хувь нь үлдээд байна. Уг өвсийг битүү агуулахад хадгалсан учир чанарт нь нөлөөлөөгүй гэнэ. Энэ жил тус аймагт цас сайн орсон тул хаврын цагт мал усаар дутагдахгүй гэдгийг малчид хэлж байна. Мөн 2005 оноос хойш аймгийн хэмжээнд 39 нүүдлийн худаг байгуулсан тул усны хүрэлцээ хангалттай гэлээ. Тус аймагт энэ жил 717 малчин өрх 123 мянга гаруй мал маллаж байна.