Увс аймгийн Улаангом суманд үндэсний болон загварын хувцас урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өнөр урлал” компанийн “Марал” салоны хамт олон энэ хавар загварын шоу гаргахаар бэлтгэж байна.
Шинэ оны босгон дээр Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны “Алтан өндөг” шагналаар шагнагдсан тус салоны урласан бүтээгдэхүүнүүд сар шинийн өмнө зарлагдсан Увс аймгийн "Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаагаар борлуулалт өндөр байжээ. Энэ жил Увс аймгийн 90 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан тус компанийн хамт олон загварын шоу хийж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан үйл ажиллагаагаа илүү олон хүнд хүргэхийг зорьсон байна.
Загварлаг, дэгжин, сонголт арвин байдгаараа тус салоны бүтээгдэхүүн эрэлт ихтэй тул үйлчлүүлэгчид нь жилээс жилд нэмэгдсээр байгаа гэнэ.