Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 17-нд манай улсын иргэн М баавгайн есөн ширхэг савар хил давуулах гэж байгаад баригджээ. Тэрбээр хилээр гаргахыг хориглосон, ховордсон ан амьтны эд эрхтэнээ 41-65 ДГА улсын дугаартай автомашины дугуйнд нуусан байсан гэнэ.
Мөн тэр үед манай иргэн О 38-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дор баавгайн дөрвөн ширхэг савар нууж хил нэвтрүүлэх үед нь хилчид саатуулж, өдгөө гаалийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Хилийн боомт бүхий газарт ажилладаг дугуй засварын газрын ажилтнууд автомашины дугуйнд эд зүйл нууж өгдөг үйлчилгээ хүчээ аваад байгаа аж.
Тэд хамгийн багадаа нэг дугуйнд юм нуухад 15 мянган төгрөгийн хөлс авдаг гэнэ. Мэдэгдсэн нь дээрх есөн савар болохоос мэдэгдэлгүй хэчнээн ч эд зүйл хилээр гарч буйг хэн ч мэдэхгүй. Баавгайн савраас гадна хярсны олон тооны арьс хил давуулах гэж байсныг Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж буй хилчид илрүүлсэн байна. Иргэн Б-гийн бараанд үзлэг хийхэд хярсны 300 арьс байжээ.
Г.ОРЧЛОН