Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр 2015 оны нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас хоёр хүн улсын хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүлэн эрэн сурвалжилжээ. Ингэснээр Монгол Улсын иргэн 1997-1998 онд төрсөн Н, Э нар улсын хил зөрчсөнийг тогтоож, сэжигтнүүдийг Баянзүрх дүүрэг дэх гэрээс нь баривчилсан байна.
Тэд Эрээнд суралцдаг, дунд сургуулийн сурагчид байсан бөгөөд нэг нь оршин суух визийнхээ хугацааг сунгуулаагүй, нөгөө нь бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан учраас хил зөрчин орж ирсэн гэж мэдүүлжээ. Тэд хаагуур хэрхэн орж ирэх талаараа ах дүү нартайгаа тохиролцож, болзоод улсын хилийн … дугаар тэмдгийн орчмоор хил даван, машинд сууж хотод орж ирсэн нь тогтоогдож буй гэнэ.
Мөн БНХАУ-ын талд бичиг баримтаа үрэгдүүлсний улмаас ачааны автомашинд нуугдаж хоёрдугаар сарын 17-нд хилээр хууль бусаар нэвтэрч ирсэн Г-г хилчид мэдээллийн дагуу энэ сарын 23-нд саатуулан шалгаж байна. Тэрбээр “БНХАУ-д явж байгаад бичиг баримтаа гээгдүүлсэн тул ачааны автомашины ачаанд нуугдаж орж ирсэн” гэж мэдүүлжээ.
Г.РАВЖАА